Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2022.10.04) ээлжит бусаар хуралдаж, шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг хэлэлцэв. Улмаар тус хуваарийг 274 дүгээр тогтоолоор баталлаа.
Хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 50-аас дээш оноо авсан нэр дэвшигчид мэргэшил ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно. Хуваарийн дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшиж буй 17 хуульч энэ сарын 15, 16-ны өдөр, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул ороон тоонд нэр дэвшиж буй 4 хуульч энэ сарын 18-нд тус тус ярилцлагад орно.
Шалгалтын хуваарь:
Шалгалтын хуваарийг баталсан тогтоол, хавсралттай энд дарж танилцана уу!
Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль
34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.
34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.
34.6.Энэ хуулийн 34.4-т заасан нэр дэвшигчийг тохиолдлын журмаар Ерөнхий зөвлөлийн гишүүн /цаашид “илтгэгч гишүүн” гэх/-д тэнцвэртэй хуваарилна. Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан нэр дэвшигчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажиллаж байсан нэр дэвшигчийн хувьд хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлагын дүн зэргийг судалсны үндсэн дээр тухайн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлсэн үндэслэл бүхий тайлан бичиж, Ерөнхий зөвлөлийн бусад гишүүнд хүргүүлж, хуралдаанд танилцуулна.
34.7.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчтэй ярилцлага хийсний дараа дараах зүйлийг үндэслэн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцно:
34.7.1.нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага;
34.7.2.нэр дэвшигчийн баримт бичиг;
34.7.3.нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт;
34.7.4.олон нийтээс хүлээн авсан санал;
34.7.5.илтгэгч гишүүний тайлан;
34.7.6.бусад.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс