Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн цахимжилт ба хэвлэл мэдээлэл” сэдэвт шүүхийн ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн гурав дахь удаагийн санал солилцох уулзалтыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төслийн хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгээр шүүхийн цахим хуудаст нээлттэй шүүх хуралдааны бичлэг байршуулж буй журмын хэрэгжилт, тулгарч буй хүндрэл, сорилтын талаар хэлэлцэж, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх боломжуудыг онцлон ярилцлаа.
Уулзалтыг IDLO төслийн хэвлэл мэдээллийн зөвлөх Ц.Оюунтунгалаг чиглүүлэн явуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулж буй журам”-ын хэрэгжилт, тулгарч буй асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Б.Цолмон цахим сүлжээнд дамжуулж буй шүүх хуралдааныг сурвалжлах үед тулгардаг бэрхшээл, GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн Герман, Бельгийн улсуудын шүүх эрх мэдлийн байгууллага болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны туршлага судалсан тухай танилцуулга жишээг хуваалцлаа.
Тус хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүд Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, Р.Онончимэг нар оролцож, санал бодлоо солилцов. Мөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Мэдээллийн төвийн дарга М.Наранчимэг, Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын ахлах референт Г.Мөнхбаяр, шүүхийн олон нийттэй харилцах ажилтнууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэхүү уулзалт нь шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог сайжруулах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах шинэ хэлбэрийг төлөвшүүлэх чухал алхам болж байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ