Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны дүрмээс...

Гурав. Гүйцэтгэх нарийн бичгийн даргын эрх, үүрэг

 

3.1.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ажлын албаны төсвийн шууд захирагч байна.

3.2.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1.Ерөнхий зөвлөлийн даргын даалгаснаар Ерөнхий зөвлөлийг төлөөлөн Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагатай харилцах, Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх;

3.2.2.Ерөнхий зөвлөлөөс баталсан бүтэц, орон тооны хязгаарыг баримталж, батлагдсан төсөв, цалингийн санд багтаан Ажлын албаны албан тушаалын жагсаалт, орон тоог батлан мөрдүүлэх;

3.2.3.хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;

3.2.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн тамгын газрын хэмжээнд шүүхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

3.2.5. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн тамгын газрын даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах;

3.2.6.үндсэн нэгжийн удирдлагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээг холбогдох журмын дагуу баталгаажуулах;

3.2.7.Ерөнхий зөвлөлөөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах ажлыг нэгтгэн зохион байгуулах, Ерөнхий зөвлөлийн нэр дээр ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж, бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэх, шаардлагатай үед нэгдсэн дүнг Ерөнхий зөвлөлийн дарга болон Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;

3.2.8.Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам, албан хэрэг хөтлөлтийн журам, албан тушаалын болон ажлын байрны тодорхойлолт зэрэг дотоод зохион байгуулалттай холбоотой баримт бичгийг хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн батлах;

3.2.9.хууль тогтоомж болон энэ дүрмээр олгосон бусад бүрэн эрх.

3.3.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

3.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ерөнхий зөвлөлд ажлаа тайлагнана.

3.5.Гүйцэтгэх нарийн бичгийн даргын дэргэд “Зөвлөл” ажиллах бөгөөд Зөвлөл Ажлын албаны үндсэн нэгжийн дарга нараас бүрдэнэ. Зөвлөл 14 хоног тутам шуурхай хуралдаан хийж, Ажлын албаны үндсэн нэгжийн хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ.