Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Архивч, Бичиг хэргийн эрхлэгч нарт зориулсан сургалт Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд 2025 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болох бөгөөд сургалтын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ.
Сургалтын нээлтэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Ундрах, С.Энхбаатар нар оролцов. Гишүүд “Архив бол төр, түмний ой санамжийн цогцлол юм” хэмээн албан хэрэг хөтлөлтийн ажлын ач холбогдлыг онцлон архив, архивчдын үүрэг хариуцлагыг тодотгоод өдөр тутмын ажил нь өндөр хариуцлага, нягт нямбай ажиллагааг шаарддаг онцлогтой тул хууль тогтоомжийн хүрээнд үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхийг онцлон тэмдэглэв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс архивын салбарын тогтвортой хөгжлийг хангах, архивчдын ажлын нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар энэ үеэр танилцууллаа.
Сургалтын хүрээнд Шүүхийн тусгай архивын судлаач архивч Л.Өнөртуяа архивын баримтын бүрдүүлэлт, хадгалалт, улсын үзлэгт бэлтгэх арга зүй, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах арга зүй, холбогдох хууль тогтоомжийн хэрэглээний талаар, Сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч Б.Нямаа ажлын байран дахь сэтгэл зүйн талаар, Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал баримтын хадгалалт, хамгаалалт, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн MNS6395:2022 стандартыг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Г.Хэрлэнчимэг албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад анхаарах асуудлыг, УЕПГ-ын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архивын дарга Ж.Ичинхорлоо эрүү, зөрчлийн хэргийн баримтын шилжилт хөдөлгөөний зохион байгуулалт зэрэг сэдвээр сургалт удирдан явууллаа.
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын арга зүй, хууль тогтоомж, баримтын хадгалалт, үндэсний бичигт тавигдах шаардлага, эрүү, зөрчлийн хэргийн архивын талаар мэргэжлийн сургалт зохион байгуулж, ажлын арга туршлагаа хуваалцав.
Энэхүү сургалт нь 2025 онд зохион байгуулагдах байгууллагын архивын улсын үзлэгт бэлтгэх чадавхыг дээшлүүлэх, архивчдын мэдлэг, арга зүйг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм. Өнөөдрийн сургалтад 70 гаруй албан хаагч хамрагдлаа.
Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг оролцогчидтой харилцан ярилцлага хийж, ажлын арга барил, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Сургалт маргааш үргэлжилнэ.
ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ