Шүүгчийн сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил хангагдлаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцох юм.

 

            Энэ удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалт маргааш (2022.09.21) 08:00 цагт эхэлнэ. Шалгалт энэ сарын 27-ны өдрийг  хүртэл үргэлжилж, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид оролцоно.

 

 

       Оролцогчдоос "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар", "Салбар эрх зүйн мэдлэг", "Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг", "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар" зэргээр мэдлэг, чадварын шалгалт авах юм. Шалгалтад бүртгүүлсэн хуульчид маргааш ирэхдээ цагаа барьж, хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.

 

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.

 

Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль

 

34 дүгээр зүйл.Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт

34.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу бүртгэснээс тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ.

34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.

34.3.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх бөгөөд шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Ерөнхий зөвлөл хариуцна.

34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс