Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 22 дугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай:
Нэр бүхий 3 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газрын даргыг шилжүүлэх, түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай:
Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоожийг Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилсон тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтад заасны дагуу албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Болдын Мөнхтүвшинөөр Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг тус албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилж, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Адъяагийн Лхагвасүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөгдсөн тул Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоожийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтад заасны дагуу Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилов.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Канад улсын шүүхийн асуудал эрхэлсэн холбооны комиссарын газрын хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төсөлд өгөх санал авах тухай:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 5-ны ээлжит хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Канадын Холбооны Шүүхийн Хэрэг Эрхлэх Комиссарын Газар (FJA)-тай хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Шүүхийн хараат бус байдал, эрх мэдлийн хуваарилалт”, “Шүүхийн тогтолцооны шударга байдал, шүүхийн үнэт зүйлсийг дэмжих, тогтолцоонд тулгамдаж буй асуудлаар хамтын ажиллагааг хангах”, “Шүүгчийн ёс зүй, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага, шүүхэд зориулан жендэрийн стратеги, бодлого боловсруулах”, “Шүүхийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, шүүхийн ажилтнуудыг ёс зүйн ба сахилгын дүрэм, мөн иргэдэд үйлчлэх ур чадвар”-ыг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах зорилго, зорилтыг хэлэлцэн төслийн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оруулах эцсийн найруулгыг хийж, Канадын Холбооны Шүүхийн Хэрэг Эрхлэх Комиссарын Газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөр” батлах тухай:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.14 дэх заалт, “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021, 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.1.11 дэх заалт, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн мэдлийн хөгжлийн бодлого”-ын 1.1.4 дэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан “Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл болон “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-д нэмэлт оруулах тухай журмын төсөлд санал авахаар хойшлуулж шийдвэрлэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ