Монгол Улсын Их Хурлын 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймагт зохион байгуулж байна.
Сургалтад зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан тушаалтнууд зэрэг нийт 60 гаруй хүн хамрагдаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гишүүн А.Насандэлгэр, С.Энхбаатар, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа, Шүүгчийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Насанжаргал, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан Ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр, Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр нар батлагдсан хөтөлбөрөөр холбогдох сэдвүүдээр сургалт орж, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Авлигатай тэмцэх газар хамтран 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт бүсчилсэн сургалтыг хийсэн бөгөөд цаашид тус сургалт үе шаттайгаар үргэлжилнэ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР