Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах нарт зориулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт ба хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгуулж байна. Сургалтад 49 шүүгчийн туслах хамрагдлаа.
Сургалтын эхний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан “Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, шинэчлэн батлагдсан журмуудаар зохицуулж буй харилцаа”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор, сургагч багш Н.Одонтуул “Хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа “Хүний эрх - хүний хувийн мэдээлэл хамгаалах нь” сэдвээр тус тус сургалтыг удирдан явуулав.
Сургалтын 2 дахь өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, сургагч багш Ц.Оч “Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хүн худалдаалах гэмт хэргийн шүүхийн шийдвэр, хууль тайлбарлан хэрэглэх, хууль зүйн техник”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Б.Оч “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын Мэдээлэл технологийн ахлах референт Г.Мөнхбаяр “Шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг цахим санд байршуулахад анхаарах асуудал”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн Сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл “Харилцааны хандлага ба зөрчлийг шийдвэрлэх алхам” сэдвүүдээр сургалт үргэлжилнэ.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ