Шүүхийн бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах, иргэдэд шударга, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий шүүхийн шинэ барилгын шав тавих бүтээн байгуулалтын  арга хэмжээг  Шүүхийн ерөнхий зөвлөл, Багануур дүүргийн Шүүхийн Тамгын газар, “Артуус” ХХК хамтран  (2025.06.08) өдөр зохион байгууллаа.

 

 

     Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын дарга П.Төгөлдөр болон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүхийн ахмад ажилтнууд, инженер, дэд бүтцийн байгууллагын төлөөлөл, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд,  иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

 

 

 

 

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг нээж  хэлсэн үгэндээ “Багануур дүүргийн шүүхийн шинэ байрны шав тавих энэхүү арга хэмжээ нь зөвхөн барилгын эхлэл бус, иргэдийн шударга шүүхээр хамгаалуулж, эрх чөлөөгөө эдлэх итгэл, найдварыг бэхжүүлсэн түүхэн үйл явдал болж байна” хэмээн онцлон, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, иргэдэд ээлтэй шүүхийн орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна Багануур дүүргийн 30,000 гаруй иргэнд чанартай, хүртээмжтэй шүүхийн  үйлчилгээ үзүүлэх  стандартад нийцсэн бүтээн байгуулалт гэдгийг тодотгов.

 

 

    Шинээр баригдах энэхүү шүүхийн байр нь нийт 3175 м² талбайтай, зоорьтой дөрвөн давхар барилга байх бөгөөд 4 шүүх хуралдааны танхим, цахим хуралдааны танхим, 35 ажлын өрөө, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын ажиллах орчин, иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорын өрөө, зөвлөгөөний танхим, хүүхдийн өрөө, номын сан, уншлагын танхим зэрэг шаардлагатай бүх өрөөг багтаасан “Шүүхийн байрны стандарт”-ыг бүрэн хангана.

 

 

 

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 онд улсын хэмжээнд 5 байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд 4 дэхь Шүүхийн шинэ барилгын ажлыг “Артуус” ХХК гүйцэтгэх бөгөөд төслийн явц, төлөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж, барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэж өгнө гэв.

Мэдээллийн төв