Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн мэдээллийг олон нийтэд үнэн зөв, ойлгомжтой, шуурхай хүргэх зорилгоор олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд үнэн, зөвөөр ойлгуулахад олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн үүрэг, хариуцлага чухал. Ялангуяа шүүхийн шийдвэрийн мэдээллийг баримтад тулгуурлан, хууль зүйн агуулгыг алдагдуулахгүйгээр, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр цаг алдалгүй хүргэх шаардлагатай”-г онцлов.

Сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн захирал Г.Гүнжидмаа “Шүүхийн мэдээлэл ба олон нийтийн ойлголт”, сэтгүүл зүйн багш Ц.Чимэддондог “Шүүхийн шийдвэрийг хэвлэлийн мэдээ болгох нь” сэдвээр тус тус удирдан явууллаа. Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг баримтад тулгуурлан боловсруулах, хууль зүйн агуулгыг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлах, шүүхийн шийдвэрийг хэвлэлийн мэдээ болгон бэлтгэх, мэдээллийг олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн хүргэх практик мэдлэг, арга зүйд суралцав.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх хамтран нэвтрүүлж буй шүүх, сэтгүүлчдийн мэдээлэл солилцох “CaseLine” цахим платформд нийтлэх мэдээллийн нэгдсэн стандартыг танилцууллаа. Энэ хүрээнд мэдээллийн эх сурвалж, хууль зүйн нэр томьёо, гарчиг, бүтэц, агуулгыг оновчтой тодорхойлох, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу бэлтгэх чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллээр хангах чиг үүргийн хорооноос мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг бодитой, шуурхай хүргэх нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахын зэрэгцээ мэдээлэл дутмаг байдлаас үүдэн буруу ташаа ойлголт, үндэслэлгүй мэдээлэл тархахаас сэргийлж, шүүхийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголтыг бодитой төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн шүүхүүдийн шүүгч-хэвлэлийн төлөөлөгч (Press Judge) болон сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд шүүхийн мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ