Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх шинээр байгуулагдаж буйтай холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуутай ярилцлаа.


 

-Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үзэл баримтлал, зарчим, онцлог нь юу вэ?

-УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр “Шүүх байгуулах тухай” хуулийг баталсан байдаг. Харин процессын хууль нь батлагдахгүй байсаар 2026 оны долдугаар сарын 03-ны өдөр батлагдаж, дагнасан /шинэ/ шүүхийн үйл ажиллагаа хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх гэж байна.Дэлхийн аль ч улс орны нийгмийн тогтолцоон дахь хамгийн үнэт зүйл нь гэр бүл байдаг, байх ч ёстой. Өөрөөр хэлбэл, гэр бүл гэдэг бол нийгмийн харилцааг бий болгох анхдагч хүчин зүйл. Манай монголчууд “... биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ярьж хэлдэг. Энэ нь хувь хүн эхлээд өөрийгөө бий болго, дараа нь гэр орноо төвхнүүлж, үр хүүхдээ зөв хүмүүжүүл, тэгээд нийгмийн харилцаанд ороорой гэсэн санаа юм. Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдах хамгийн эхний хэрэгцээ шаардлага бол мэдээж шүүх дэх хэргийн ачаалал. Үзэл баримтлалын хувьд гэрлэгчдийн гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэх явцад хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг аль болохоор хөндөхгүй байх, гэрлэлт цуцлалтаас үүсэх үр дагаврын хохирогч нь хүүхэд байх ёсгүй. Гэр бүлийн маргаантай асуудлыг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулагдах үндэс суурь аль эрт 2016-2017 оны үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Учир юу вэ гэвэл тухайн үед нийслэлийн хэмжээнд гэрлэлт цуцлалтын маргааныг илүү туршлагатай, мэргэшсэн шүүгч шийдвэрлэж эхэлсэн байдаг. Гэтэл “... шүүх дотор шүүх байгууллаа” гэсэн яриа ч тэр үед гарч байсан. Гэтэл өнөөдөр асуудал зөв байсныг хууль нь батлагдаад, шүүх нь байгуулагдаад, үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа нь үйл явцыг харуулж байна. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэг онцлог, шинэ зохицуулалт бол хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнтэй болж байна. Энэ мэргэжилтэн нь хэдийгээр шүүхийн захиргааны ажилтан буюу албан хаагч мөн боловч шүүхийн захиргааны бусад албан хаагч нараас тэс ондоо чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Тодруулбал, шүүгчийн саналаар, шүүгчийн захирамжид заасны дагуу дүгнэлтийг гаргаж шүүгчид өгөх юм. Энэ дүгнэлт нь ямар дүгнэлт байх вэ гэхээр гэрлэлт цуцлалтаас гарах үр дагавар, хүүхдийн асрамжийг эцэг, эсхүл эхийн хэнд нь үлдээх вэ, өсвөр насны хүн эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд юу нөлөөлөв, шалтгаан нөхцөл нь юу байв, цаашид тухайн хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарах ёстой вэ, гэр орных нь орчин ямар байгаа, нийгмийн зүгээс яаж анхаарал хандуулах вэ гэх мэт. Мөн гэрлэлт цуцалсантай холбоотой хүүхдийг эцэг эхтэй нь уулзуулдаг байх хуваарийг шүүхээс тогтоож өгөх гэх мэт заалтууд нэмж тусгагдаж нэмэгдэж байгаа.

 

-Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь гол төлөв ямар мэргэжлийн хүмүүс байх вэ?

 

-Энэ мэргэжилтэн нь шүүгчийн санаачилгаар, шүүгчийн гаргасан захирамжийн дагуу тухайн гэр бүл, хүүхдийн нөхцөл байдлыг тал бүрээс судалж, шаардлагатай тохиолдолд хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлагаар дамжуулж, холбогдох асуудалд нөхцөл байдлын шинжилгээ хийх, судалгааны үр дүнг тайлан болгон боловсруулах чиг үүрэгтэй ажиллана. Ихэвчлэн сэтгэл зүйч, социологич, багш-сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан гэх мэт мэргэжлийн хүмүүс байх нь зохимжтой болов уу. Мэргэжилтнийг бэлтгэхдээ мэргэжлийн мэдлэг ур чадвар,хүүхэдтэй ажиллах ур чадвар, аргазүйд анхаарч бэлтгэж сургана. Ийм ч учраас саяхан “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэж сургах сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс IDLO буюу Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалтын нээлтийн ажиллагаа боллоо. IDLO буюу Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад талархаж байна. Энэ байгууллага нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлах явцад Канад улсын гэр бүл, хүүхдийн шүүхийн туршлагаас судлах боломжийг олгож өгсөн. Одоо ч төслийн хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарыг мэргэшүүлэх, чадавхижуулахад туслалцаа үзүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх сургалтыг мөн зохион байгуулсан.

 

-Урьд нь шүүхийн шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашиг зөрчигддөг байсан гэж ойлгож болох уу?

 

-Тэгж ойлгож болохгүй. Урьд нь ч хуулийн дагуу хүүхдийн эрхийг хамгаалж, эрхэмлэдэг байсан. Харин дагнасан шүүх байгуулагдсанаар илүү ач холбогдол өгч, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаална гэсэн үг. Жишээ нь: гэрлэлт цуцалсны дараагаар эцэг, эсхүл эхийнх нь хүүхэдтэйгээ уулзах цагийн хуваарийг шүүх тогтоож өгдөг шинэ зохицуулалт хуульд тусгагдсан.

 

-Гэр бүлийн шүүх дэлхийн хэдэн улсад хэрэгжиж байна вэ. Аль нэг орны туршлагаас үндэслэсэн үү. Ач холбогдлын үзүүлэлт ямар байсан бол?

 

-Бусад улс орнуудын туршлагад нэлээд судалгаа хийсэн. Энэ ажил нь зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийх ажил биш. УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүх гээд олон байгууллага хамтарч ажилласан. Тэр улсынх нь хууль илүү сайн гэхээс илүүтэйгээр манай улсын онцлог, уг хууль хөрсөн дээрээ хэр бодитой биеллээ олох вэ гэдэг талаас нь харах нь зүйтэй.

 

-Гэр бүлийн өмчийн маргааны асуудал аль шүүхээр шийдэгдэх вэ?

 

-Өв залгамжлалын харилцаанаас үүссэн маргаанаас бусдаар гэр бүлтэй холбоотой бүх маргаан энэ хуульд хамаарна.

 

-Хэрэгт холбогдсон хүүхдийг “өсвөр насны хүн” гэж нэрлэх болсон гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү?

 

-Эрүүгийн хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа нэршлээр буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ... гэх мэтээр огт нэрлэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шат, шүүхээс гэм буруутайд тооцогдсоны дараа ч зөвхөн “өсвөр насны хүн” гэсэн нэр томьёог хэрэглэнэ гэсэн үг. Энэ нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, тухайн хүүхдэд аль болох шүүх, хуулийн байгууллагаар орж байна гэсэн сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлэхгүй байх зорилготой.

 

-Хүүхэд үрчлэлтийг Засаг дарга шийддэг байсан бол одоо гэр бүлийн шүүхээр шийдэхээр болж байна. Үрчлэлтийн зөвлөлийг хэрхэн яаж сонгох вэ?

 

-Аливаа хууль бол бусад хуулиудтайгаа харилцан хамааралтай буюу уялдаатай байж гэмээн хуулийн зорилго, үзэл санаа биеллээ олно. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь ямар ямар хууль, уг хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх вэ гэдгийг энэ хуульд тодорхойлон заасан байгаа.

 

-2026 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гаргасан гэрлэлттэй холбоотой нэхэмжлэлүүд,түүнчлэн өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргүүд энэ шүүх рүү шилжих үү?

 

-Үгүй. Нэхэмжлэлийг хүлээж авсан, эсхүл эрүүгийн хэрэг нь байгаа тухайн шүүхүүд эцэслэн шийдвэрлэнэ. Тодруулбал, дагнасан энэ шүүхийн үйл ажиллагаа нэг гараанаас шинээр эхэлнэ.

 

-Нийтийн дунд мэдээлэл цацагдсан хэргүүд дээр шүүх байгууллага арай илүү анхаарал хандуулдаг гэсэн яриа иргэдийн дунд байдаг. Та мэргэжлийн талаас ямар тайлбар өгөх вэ?

 

-Өнөөдөр гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн тухай ярьж байна. Зарчмын хувьд гэрлэгчдийн талаарх мэдээлэл хувь хүний нууцад хамаардаг тул шүүх хуралдаан болон шүүхийн шийдвэр хаалттай. Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан мөн адил хаалттай явагддаг. Шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан таамаглаж хэлэх боломжгүй. Түүнчлэн шүүх шийдвэрээ гаргахад нь хэн нэгэн, ямар нэг байдлаар нөлөөлж болохгүй. Шүүх хуульд заасны дагуу л шүүн таслах үйл ажиллагаагаа явуулж байгаа. Таны хэлж байгаачлан “нийтийн дунд мэдээлэл цацагдсан” гэх хэргүүдийн талаар шүүх шийдвэрийн болон процессын тойм бичиж мэдээллээ хүргүүлдэг.

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН