Шүүхийн ерөнхий зөвлөлийн 44 дүгээр ээлжит хуралдаанаар “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичиг баталлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.11-д “шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх” гэж, 74 дүгээр зүйлийн 74.1.6-д “шүүхийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх” гэж тус тус заасан.
Шүүхийн байгууллагад 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлж эхэлснээр шүүх, шүүхийн Тамгын газарт 20 гаруй систем, программ хангамж хэрэглэж байна. Гэсэн хэдий ч эдгээр системүүд нь хоорондоо болон шүүхийн үйл ажиллагаанд оролцогчдын хувьд Прокурорын газар гэх мэт хууль сахиулах бусад байгууллагын системүүдтэй уялдаа холбоо байхгүй, тайлан, мэдээ гаргах боломж хязгаарлагдмал, гар ажиллагаа их шаарддаг, цаасан материалд суурилсан зэргээр шаардлагад нийцэхгүй байгаа юм. Иймд зайлшгүй шинэчлэх хэрэгцээ байгаа талаар санал, хүсэлтүүд тогтмол гардаг. Мөн энэ чиглэлийн мэдээллийн технологийн хүний нөөц бүрдүүлэлт шүүхийн салбарт дутмаг, тэднийг чадавхжуулах шаардлагатай гэсэн шүүхийн захиргааны байгууллагын болон хөндлөнгийн байгууллагын судалгаа байдаг.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон “Алсын хараа-2050” баримт бичигт төрийн үйл ажиллагааг үе шаттай бүрэн цахимжуулах зорилтыг тавьсан бөгөөд үүнтэй уялдуулан цахим багц хуулийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны хоёдугаар сарын 9-ний өдрийн 24, 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар тушаалаар шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгийг байгуулж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зөвлөхүүдийг оролцуулан ажиллалаа.
Ажлын хэсэг энэ хугацаанд бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, дэд зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүний суурь түвшин, хүрэх түвшинг тогтоох судалгааг хийж, бүх шатны шүүх, шүүхийн Тамгын газраас саналыг авч, бодлогын төслийг хэрэгжүүлэх шийдлийн талаар мэдээллийн технологийн компаниудтай уулзалт хийж, нийт 12 удаагийн ажлын хэсгийн хуралдаан, 2 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.
Улмаар бодлогын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 332 дугаар тогтоолоор “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого” баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус бодлогыг 2023-2026 онд үе шаттайгаар хэрэгжүүлснээр дараах эерэг нөлөө, үр дагавар гарна:
Иргэнд:
- Иргэн, байгууллага шүүхэд хандах цаг хугацаа, зардал хэмнэнэ.
- Шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болно.
- Шүүхийн үйлчилгээний чанар дээшилнэ.
- Цахим шилжилт гүнзгийрснээр цаашид дэвшилтэт технологийг ашиглан иргэд шүүхэд хандахад байршил, орон зайн хязгаарлалт арилна.
Шүүхийн байгууллагад:
- Шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд инновац, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэр нэвтэрнэ.
- Шүүх, шүүхийн захиргааны байгууллага дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангагдана.
- Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бүрдэж, ажлын бүтээмж, үр дүн бодитой хэмжигдэнэ, хүний нөөцийн чадавх сайжирна.
- Шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагаа цаасан сууринаас цахимд шилжинэ.
Төрд:
- Шүүхийн төсвийн үр ашигтай байдал нэмэгдэнэ.
- Авлигын индексэд эерэг нөлөө үзүүлнэ.
- Төрийн бүтээмж өснө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба