Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн (Твиннинг) төслийн хүрээнд туршлага судлах албан айлчлалыг 2026 оны 05 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Умард Райн-Вестфален муж улсын шүүхийн байгууллагуудад зохион байгуулав.
Энэхүү айлчлал нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практиктай танилцах, шүүхийн тогтолцооны талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилготой байв. Мөн Умард Райн-Вестфален муж улсын шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд тулгуурлан үр нөлөөтэй, ил тод шүүхийн захиргааг бэхжүүлэх, шүүгчийн карьер болон сонгон шалгаруулалтын тогтолцооны шинэтгэлийн талаар харилцан туршлага солилцоход чиглэгдлээ.

Айлчлалын эхний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах, С.Энхбаатар болон Шүүхийн сахилгын хороо, шүүгчдийн төлөөлөл Умард Райн-Вестфален муж улсын Эссэн хотын Анхан шатны шүүхэд ажиллав. Энэ үеэр тус шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх түргэвчилсэн ажиллагаа, цахим хавтаст хэргийн удирдлага болон бага үнийн дүнтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэх журамтай танилцлаа. Мөн өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль сахиулах болон хүүхдийн халамжийн байгууллагуудын хамтын ажиллагаа, арга барил, гэмт хэрэг үйлдсэн 14 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцох уулзалтад оролцсон юм.

Айлчлалын хоёр дахь өдөр томилолтын багийнхан Хамм хот дахь Бүсийн дээд шатны шүүхэд ажиллаж, Герман улсад шүүгчийг бэлтгэх, сонгон шалгаруулах , шүүгчийн шатлан дэвших тогтолцоо, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хүний нөөцийн удирдлагын чиглэлээр харилцан туршлага, мэдээлэл солилцлоо. Мөн Хагэн хотын анхан шатны шүүх дэх төлбөрийн захирамж гаргах журам, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын хүрээнд тухайн муж улсын нийслэл Дюссельдорф хотноо Умард Райн-Вестфален муж улсын Хууль зүйн сайд ноён Беняамин Лимбах томилолтын багийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар иргэний хэргийг түргэвчилсэн болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, иргэний эрх зүй дэх төлбөрийн захирамж гаргах журам болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгоход чиглэсэн өнөөгийн болон цаашдын хууль зүйн бодлогын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

“Твиннинг” төслийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү айлчлал нь Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн явцад байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой үр дүнтэй ажил боллоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ