Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан Дэд ажлын хэсгийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, шүүх эрх мэдэл болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцооны нэгдсэн орчныг бүрдүүлэх чиглэлээр үе шаттай уулзалт, хэлэлцүүлэг, танилцуулгын ажлууд үргэлжилж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр /2026.06.05/ эрүүгийн цахим хавтаст хэргийг үүсгэхээс эхлэн прокурорын хяналт, шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүртэлх процессын нэгдсэн зураглал боловсруулах практик хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Дэд ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж удирдан явуулж, эрүүгийн хэргийг цахимжуулах процесс, мэдээллийн урсгал, байгууллагуудын уялдаа холбооны асуудалд төвлөрөн ажиллав.

Хэлэлцүүлэгт мөрдөгч, прокурор, шүүх шинжилгээний шинжээч, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өдөр тутам оролцдог практик мэргэжилтнүүд оролцож, эрүүгийн хэрэг үүссэнээс эхлэн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх ажиллагааны үе шат, мэдээллийн урсгал, цахим баримт бичиг, өгөгдөл солилцоо, процессын уялдаа холбооны талаар хамтран ажиллаж байна.

Шүүхийн байгууллагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр нар оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит практик, шүүхийн шатанд тулгарч буй асуудал, цахим хавтаст хэрэг бүрдүүлэхтэй холбоотой санал, дүгнэлтээ танилцууллаа.

Энэхүү ажил нь зөвхөн мэдээллийн технологийн шийдэл боловсруулах бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит процесс, байгууллагууд хоорондын уялдаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрхийн баталгааг хангасан цахим эрүүгийн хавтаст хэргийн нэгдсэн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой юм.

Цаашид ажлын хэсгээс эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийн процессын зураглал, мэдээлэл солилцооны архитектур, хууль эрх зүйн орчныг үе шаттайгаар боловсруулан ажиллана.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ