Шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхүүдийн Тамгын газрын дарга нар өнөөдөр(2022.09.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Сургалтаар АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, тус төвийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон нар АНУ-ын шүүхүүдийн сонирхолтой туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, удирдах албан тушаалтнууд, нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар танхимаар оролцсон бол орон нутгаас цахимаар холбогдон сургалтад хамрагдлаа. Тэд шүүхийн захиргааны удирдлага хэрэгжүүлэх арга хэрэгсэл, шинэ хандлага, ачаалал багасгах арга хэрэгсэл, шүүх хуралдааны танхимын загвар зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм.

 

 

      Ялангуяа дэвшилтэт технологийн тусламжтайгаар өгөгдөл стандартчилан шүүгчийн ачааллыг багасгах, хүний нөөцийн шинэчлэл хийх нь манай улсад зайлшгүй шаардлагатай байгааг дурдан энэ талаар туршлагаасаа хуваалцсанд талархал илэрхийлж байлаа.

 

 

      Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн фэйсбүүк хуудсаар олон нийтэд шууд дамжуулав. Улмаар дээрх сэдвээр тус улсын туршлагыг сонирхсон иргэд, шүүхийн ажилтан, албан хаагч нар цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр суралцах, сонсох боломжийг нээлттэй олгож байгаа юм.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй ажил ийнхүү гуравдах өдрөө үргэлжилж байна.  АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, тус төвийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон нар үргэлжлүүлэн 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо болон бусад байгууллагуудаар зочилж, үйл ажиллагаа, бодлого зохион байгуулалттай танилцан санал солилцох юм.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс