2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 15 дугаар хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

          Нээлттэй шүүх хуралдааны бичлэгтэй холбоотой журмын хэлэлцүүлгийг хойшлуулав

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг цахим хуудаст байршуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр, шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотой технологийн шийдлийг бүрэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул уг асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэв.

          Тамгын газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул тус шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ганчулууныг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх баримтын загварыг шинэчлэв

Улсын дээд шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын шинэ загвартай уялдуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварт өөрчлөлт орууллаа.

    Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмжийг хэлэлцэх асуудлыг хойшлуулав

“Олон нийтийн сүлжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах” зөвлөмжийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанаар  хэлэлцэхээр боллоо.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ