Сэлэнгэ аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн баярын арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болж өнгөрлөө.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймаг дахь шүүхийн удирдлагууд, шүүхийн байгууллагад ажиллаж байсан ахмад шүүгчид, гавьяат хуульчид, шүүхийн захиргааны үе үеийн ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн зочид Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

 

 

БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж, 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулсан түүхтэй.  Улмаар Алтанбулаг хотын Шүүн таслах газрыг 1926 оны сүүлчээр байгуулснаар өнөөгийн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн байгууллагын түүхэн суурь тавигджээ.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг дахь шүүхүүд хууль, шударга ёсыг сахиулах, иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас эхлэн өнөөдрийн дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын удирдлага, хамт олны хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр хариуцлага чухал нөлөө үзүүлсэн билээ.

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхүүд болон Тамгын газар нь эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан шүүхийн бүтэцтэй, цахимжсан, чадварлаг хүний нөөцтэй шүүх болон өргөжиж, шүүн таслах ажлыг чирэгдэлгүй, шударгаар шийдвэрлэх хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлж байна. 2026 оны хагас жилийн байдлаар Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 10 шүүгч эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн нийт 2224 хэргийг хянан шийдвэрлээд байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ