Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит 32 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд иргэний хэрэг үүсгэх, хэлэлцүүлэх шүүгчийн захирамж, даргалагч шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг doc файл хэлбэрээр текст байдлаар хөрвүүлэн оруулдаг байсан. Үүнийг зогсоох саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлж санал авахаар шийдвэрлэв.
Энэхүү 4 төрлийн эрх зүйн актыг системд хөрвүүлэхийг зогсоосноор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 1 шүүгчийн туслахын ачаалал өдөрт дунджаар 1 цаг 39 минут байсан бол 54 минут болж 54.8 орчим хувиар буурах юм. Тодруулбал, 2025-2026 оны байдлаар шүүхийн нийт баталгаажуулсан 148.466 эрх зүйн актын 54.8 хувийг дээрх 4 төрлийн эрх зүйн акт эзэлж байна.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн дарга Баярсайханы Хэрлэнчимэгийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар томилов.
Б.Хэрлэнчимэг нь нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2005-2012 оны хооронд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, 2013 оноос одоог хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд референт, ахлах референт, албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, албаны дарга, газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хэлтсийн даргаар ажилласан туршлагатай байна.
3. Шүүгч сэлгэн ажиллуулах тухай зарим шүүхүүдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хангахгүйгээр шийдвэрлэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
