ЛУВСАНШАРАВЫН ДАВААСҮРЭН
(1957–2026)

 

Монгол Улсын Гавьяат хуульч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Лувсаншаравын Даваасүрэн нь 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, шүүхийн байгууллагад нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрээр 1957 онд Улаанбаатар хотноо төрж, 1980 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгсөн эрх зүйч мэргэжил эзэмшиж, улмаар хууль зүйн магистр зэрэг хамгаалсан билээ.

Л.Даваасүрэн нь 1980–1981 онд Улсын Дээд шүүхэд зааварлагч,1981–1988 онд Ардын Армийн тусгай шүүхийн гишүүн, 1988–1993 онд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн шүүгч, 1993–1996 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч,1996–2014 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2014 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, 2015–2017 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажиллан, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бататгахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй хуульч байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Улсын Дээд шүүхийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

Лувсаншаравын Даваасүрэн нь эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, эв нэгдлийг эрхэмлэгч, чигч шударга зан чанартай, хуулийг дээдлэн сахигч, шударга ёсыг тогтоогч, зарчимч, ажилч хичээнгүй, тууштай эрхэм хүмүүн байсан билээ.

Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлд оруулсан түүний үнэт хувь нэмэр, үйл хэрэг, шударга ёсны төлөөх зүтгэлийг бид бүхэн хүндэтгэн дурсах болно.

 

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.