Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч чөлөөлөгдсөн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Жигдэнгийн Баттогтоход зориулсан “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг 2025.06.03-ны өдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралдаанд тус шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Завхан аймгийн Прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Отгонжаргал, Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бямбасүх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгчид, Шүүх шинжилгээний хэлтсийн төлөөлөл, шүүхийн ахмад шүүгч, ажилтнууд болон Ж.Баттогтох шүүгчийн гэр бүл оролцож хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн хуралдааныг Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн Тамгын газрын дарга Х.Дорждэрэм Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон Ж.Баттогтох шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, алхыг дурсгал болгон хадгалуулав. Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нь шүүхийн байгууллагад 37 жил шүүгчээр ажилласны 30 жил анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан, шүүн таслах ажлын арвин туршлагатай, залуу хойч үедээ түшиг тулгуур болсон эрхэм шүүгч юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн зочид сэтгэгдлээ илэрхийлэн баяр хүргэж, шүүгч Ж.Баттогтох нь ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа хандаж сэтгэлийн үгээ хэлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Ж.Баттогтох шүүгчийн цаашдын амьдралд эрүүл энх, урт удаан наслах ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг авхуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.

 

                                                         ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР