Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газартай хамтарсан "Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" урт хугацааны төсөл хэрэгжих гэж буйтай холбогдуулан Канадын шүүхийн төлөөлөгчид Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр танилцлаа.
Тус айлчлалаар Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Дэд комиссар Эрролин Хамфрис, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар хүлээн авч уулзаж, шүүхийн бүтэц зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цахим шүүхийн хөгжил, нээлттэй шүүхийн зарчим зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
Энэхүү уулзалтын үеэр Канадын төлөөлөгчид Монгол Улсын шүүхийн тогтолцооны онцлог, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх стандарт, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудтай танилцаж, нээлттэй мэдээллийн хүртээмжийг судлан, Канадад мөрдөгдөж буй сайн туршлагаа хуваалцав.
Энэхүү айлчлал нь хоёр улсын шүүхийн байгууллагын харилцан ойлголцол, мэргэжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ирээдүйд хамтран ажиллах боломжуудыг тэлэх чухал алхам боллоо.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР