Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Бишкек дэх Академийн хөтөлбөрийн захирал, Др.Аня Михр тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд 2020 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх, ялангуяа Хүний эрх ба тогтвортой хөгжлийн магистрын хөтөлбөр болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтад шүүхийн байгууллагын албан хаагчдыг хамруулах талаар санал солилцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбогдуулан хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаардлага нэмэгдэж байгааг онцоллоо. Энэ хүрээнд Академийн хүний эрх, тогтвортой хөгжлийн чиглэлийн магистрын болон богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдэд шүүхийн байгууллагын төлөөллийг хамруулах хүсэлтээ илэрхийлэв.

Харин Академийн Хүний эрх ба тогтвортой хөгжлийн магистрын хөтөлбөрийн захирал, Др.Аня Михр ахисан түвшний боловсролын хөтөлбөр болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтын агуулга, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ЕАБХАБ-ын Бишкек дэх Академи нь 2002 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан бөгөөд Төв Азийн бүс нутагт дээд боловсрол, судалгаа, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус академи нь улс төр, эдийн засаг, хүний эрх, тогтвортой хөгжлийн чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт болон мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.
Уулзалтын дараа Академийн Хүний эрх ба тогтвортой хөгжлийн магистрын хөтөлбөрийн захирал, Др.Аня Михр шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулан “Climate Justice” буюу “Уур амьсгалын шударга ёс: Уур амьсгалын өөрчлөлтийн ялгаатай нөлөөлөл, түүнээс үүдэх хүний эрхийн зөрчил, шударга ёсыг хангах нь” сэдэвт англи хэл дээрх сургалт зохион байгууллаа.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын референт Б.Сугармаа, ЕАБХАБ-ын Бишкек дэх Академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Виктория Оразова, хөтөлбөрийн мэргэжилтэн Айем Чотоева нар оролцов.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ