Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилттэй “Твиннинг” төсөлтэй хамтран Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” бэлтгэх хоёр дахь шатны сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхлүүллээ.

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх” Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрах нээж, хэлсэн үгэндээ “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суурь мэдлэг, ур чадвар олгох анхан шатны сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулсан. Харин энэ удаагийн сургалтаар олон улсын сайн туршлагаас суралцаж, мэргэжлийн арга зүй, практик ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцоллоо.

Мөн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдэд чиглэсэн сургалтуудыг өмнө нь зохион байгуулж байсан бол энэ удаа шүүхийн захиргааны чиг үүрэг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдэд олон улсын туршлага, практикт суурилсан мэдлэг, ур чадвар олгож байгаагаараа онцлог болохыг тэмдэглэв.

Анхан шатны сургалтыг амжилттай дүүргэсэн 34 мэргэжилтэн хоёр дахь шатны сургалтад хамрагдаж байгаа бөгөөд олон улсын сайн туршлагыг судлахын зэрэгцээ бодит нөхцөл байдалд тулгуурлан ажиллах арга барил, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх юм.

Сургалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бамберг хотын Захиргааны Залуучууд, гэр бүлийн Үйлчилгээний газрын дарга Карлхайнз Хуммер, Өсвөр насны хүүхдийн хэрэг хариуцсан нийгмийн ажилтан, шүүхийн туслах ажилтан Питер Хандшу, Залуучуудын халамжийн газрын Өсвөр насны хүүхдийн хэрэг хариуцсан нийгмийн ажилтан, шүүхийн туслах ажилтан Свен Хартманн нар удирдан явуулж, мэргэжлийн мэдлэг, олон жилийн практик туршлагаасаа хуваалцана.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын туршлагаас үзэхэд нийгмийн ажилтнууд гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааны нөхцөл байдлыг судлах, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүхэд мэргэжлийн мэдээлэл, дүгнэлтээр дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сургалтыг удирдан явуулах дээрх мэргэжилтнүүд салбартаа 20-30 жил ажилласан туршлагатай юм.

Энэхүү сургалтын дараа буюу 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар нар “Шүүхийн тогтолцоо ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний оролцоо” сэдвээр сургалт орно.
Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж, олон улсын туршлага, мэргэшсэн арга зүйгээр чадавхжуулах нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн, цогц тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ