Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг” байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга В.Түвшинжаргал, Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Мөнгөнтуул, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга С.Нэргүй, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантуяа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг, Эвлэрүүлэн зуучлагч Ч.Энхцэцэг, Б.Даваасүрэн, Г.Хоролсүрэн, Б.Ариунбат нар болон яамны холбогдох албан хаагчид оролцлоо. Хамтран ажиллах санамж бичигт гэр бүлийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдэд авсан эвлэрүүлэх ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчтай хамтран сэтгэл зүйчийг ажиллуулж, улмаар эвлэрсэн гэр бүлийн тоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн асрамжтай холбоотой дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг шүүхийн Тамгын газарт ажиллуулж, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх дундаж хугацааг богиносгох, гэрлэлт цуцлуулж буй үндэслэл, шалтгааныг гэрлэгчдээс санал асуулга авах, судалгаа хийх байдлаар тогтоож, уг шалтгааныг арилгах арга замыг тодорхойлох, бодлогын баримт бичиг болон хуульд тусгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан. Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд зохион байгуулалт, техникийн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар хариуцан гүйцэтгэж, хэрэгжилтийг тайлагнахаар тогтов.
БГД, ХУД, СХД Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх