“Нээлттэй шүүх” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлого”-ийн баримт бичиг, шүүхийн Тамгын газрын 2025 оны  ажлын хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг өргөжүүлж, олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

       Өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчид, “Төгсдэлгэрэх” бүрэн дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагчид  шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

         Сурагчид шүүхийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөлтэй танилцахаас гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тус шүүхээр шийдвэрлэгддэг маргааны онцлог, шүүхийн нээлттэй ил тод байдал, цахимжилт, шүүх хуралдааны шууд дамжуулалтын талаарх мэдээллүүдийг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Гантулга, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар өглөө.

       Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2025 онд тус шүүхийн Тамгын газраас “Монголын сурагчдын холбоо” болон бусад төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх  “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд  хүүхэд, өсвөр үеийнхэнд  сэтгэл зүйн онцлогт тохирсон хууль эрх зүйн мэдлэг олгох, тоглоомын болон мэтгэлцээний аргаар шүүхийн үйл ажиллагаа, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, эрхээ хамгаалах,  зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд сургалтын арга хэлбэрийг чиглүүлж байна.

 

 

Арга хэмжээний үеэр сурагчид шүүхтэй танилцсан тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

8А АНГИЙН СУРАГЧ Ж.ОТГОНЧИМЭГ: БИ ИРЭЭДҮЙД ШҮҮГЧ БОЛНО ГЭЖ БОДДОГ. ЯГ Л МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ГАЗАР

- Шүүх танхим бол аливаа маргааныг шийдвэрлэдэг газар юм. Өнөөдөр шүүхийг эрүүгийн, иргэний, захиргааны гэж ангилдгийг мэдэж авсан. Сэтгэгдэл маш гоё байлаа, би ирээдүйд шүүгч болно гэж боддог. Яг л миний мөрөөдлийн газар.

8А АНГИЙН СУРАГЧ Г.ТӨГСЗОРИГТ: ШҮҮХИЙН ТАНХИМ НЬ ИХ ГОЁ ТОМ, БАС ЦАЙВАР НОГООНДУУ ӨНГӨ НЬ ТАЙВШРАЛ МЭДРҮҮЛЖ БАЙСАН

- Миний бодлоор шүүх гэдэг нь хүний буруу зөвийг шийдвэрлэх мөн засах газар гэж боддог. Шүүх танхимд орохоос өмнө жаахан айдас төрж байлаа. Учир нь би цагдаагийн хэлтэст очиж байхад айдас төрүүлж байсан болохоор тэгж төсөөлсөн байх. Харин шүүх танхимд нь орж үзээд нэг л өөр тайван сэтгэгдэл төрсөн. Шүүхийн танхим нь их гоё том, бас цайвар ногоондуу өнгө нь тайвшрал мэдрүүлж байсан.

8А АНГИЙН СУРАГЧ Ө.НАНДИН-ЭРДЭНЭ: ШҮҮХИЙН ТАНХИМД ОРОХООР МУУ ЭНЕРГИ НЬ ШИНГЭДЭГ БИШ, ШҮҮХ ХУРЛААР ГЭМ БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДСОН ХҮМҮҮСИЙН БАЯР ХӨӨР НЬ ШҮҮГЧ НАРТ ИЛҮҮ ИХ ИТГЭЛ, ҮНЭМШИЛ ӨГДӨГ БАЙХ ГЭЖ БОДЛОО

- Өмнө нь кинон дээрээс үзээд шүүх танхимыг хүйтэн энергитэй хүмүүсийн гуниг гутрал шингэсэн мөн хар бараан өнгөтэй байдаг байх гэж боддог байлаа. Харин өнөөдөр ороод үзтэл гайхсан ( ямар том юм бэ?, ямар гоё тохижилттой юм бэ?), харин ч эсрэгээрээ дулаахан таатай мэдрэмж төрсөн. Зөвхөн гэм буруутай хүмүүс, хохирсон хүмүүс (хохирогчийн гэр бүл) шүүхийн танхимд орохоор муу энерги нь шингэдэг биш, шүүх хурлаар гэм буруугүй нь тогтоогдсон хүмүүсийн баяр хөөр нь шүүгч нарт илүү их итгэл, зориг үнэмшил өгдөг байх гэж бодлоо. Хүмүүсийн асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсдэг, хичээдэг байхдаа гэсэн бодлууд төрсөн. Биднийг угтаж авсан эгчийн ярьсан зүйлсийг сонссоны дараа өрөөний өнгийг ажигласан. Гэтэл нээрээ л сэтгэл тайвшруулам ногоон өнгөөр зарим зүйлс нь будагдсан байсан. Энэ нь үнэхээр таатай мэдрэмж төрүүлсэн гэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар