Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулиудыг баталж, 2004 оны 6 дугаар сарын 01-ний  өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсны дагуу анх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан түүхтэй. Улмаар Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх болон өөрчлөн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Их хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан “Шүүх байгуулах тухай” хуулийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон өөрчлөн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

               Анх 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалыг тус аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч нь хавсран гүйцэтгэж байсан бол 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нь өөрийн Ерөнхий шүүгчтэй байхаар хуульчилснаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Зукарын Гүлбарша нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар зарлигаар томилогдож байсан түүхтэй.

             Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан анхны жилд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдөр анхны нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлж байсан бол 2024 он хүртэлх хугацаанд нийт 1040 гаруй хэргийг харьяалан шийдвэрлэжээ.

            Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх нь шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтээр 2007 онд “Хамгийн сайн менежменттэй шүүх”-ээр шалгарсан бөгөөд үйл ажиллагаа явуулсан 20 жилийн хугацаанд нийт 3 удаа шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтээр тэргүүлж байсан бол 2015 оноос эхлэн хэвлэгдэн, нийтийн хүртээл болсон “Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” ботид тус шүүхийн шүүгчдийн шийдвэрүүд тасралтгүй 7 жилийн хугацаанд сонгогдсон юм.

           Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдахад шүүгчээр нь С.Сайран, З.Гүлбарша, С.Еркеш нар ажиллаж, аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Р.Асхабыл нь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж 2012 он хүртэл ажиллаж байсан бол 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Б.Батсайхан Ерөнхий шүүгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэн ажиллаж байжээ. Тус шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Сайран нь 2012 онд гавьяаныхаа амралтад гарснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зарлигаар М.Риза нь тус шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд одоо Ерөнхий шүүгчээр нь  З.Гүлбарша, шүүгчээр нь С.Еркеш, М.Риза нар ажиллаж байна.

          Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Р.Асхабыл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртсэн юм.

         Монгол Улсын шүүхийн түүхийг бүтээлцэж, захиргааны хэргийн шүүхийн анхны галыг бадраасан болон үеийн  шүүгч нартаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Захиргааны хэргийн шүүх үүсэж хөгжсөний 20 жилийн ойн халуун мэндийг хүргэе.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР