Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна.
Шүүх байгуулагдсаны эхний 10 жил буюу 2004-2014 он бол Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн хувьд захиргааны хэргийн шүүхийг таниулан сурталчилсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, зохицуулалтын механизм тодорхой хэмжээнд бүрдсэн, дагнасан шүүхийн шүүгч нар нь хууль хэрэглээнд суралцаж, мэргэжлийн ур чадвараа сайжруулсан, ажиллах нөхцөл, орчин нь сайжирсан, шүүхийн суурь нь тавигдсан, иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын буруу шийдвэр, үйл ажиллагааг сөрөн зогсох чадвар нь дээшилсэн жилүүд байлаа.
Дараагийн жилүүдэд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэд, байгууллагаас гаргаж буй өргөдөл, гомдол, нэхэмжлэл жилээс жилд тогтвортой өсөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарч, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа ил тод, олон нийтэд нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлсэн, захиргааны хэргийн шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилсэн, шүүхийн ач холбогдлыг ойлгосон, шүүх маань бүрэн утгаар төлөвшсөн он жилүүд байлаа.
Захиргааны хэргийн шүүх анх 2004 онд байгуулагдсан цагаас эхлэн захиргааны хууль бус шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг тогтоох, эрх зүйт төрийг баталгаажуулах үүрэгт ажлаа өнөөдрийг хүртэл нэр төртэй биелүүлж байгаа ба Монгол Улсын шүүхийн түүхийг бүтээлцэж, захиргааны хэргийн шүүхийн анхны галыг бадраасан болон үе үеийн шүүгч, шүүхийн ажилтнууддаа ажил үйлсийн амжилт нь Алтайн таван богд шиг өндөр, мэргэн ухаан нь Агига бүргэдийн нүд шиг хурц байхыг ерөөж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэж, Захиргааны хэргийн шүүх үүсэж хөгжсөний 20 жилийн ойн халуун мэндийг хүргэе.