Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагвын Жамбалсүрэн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “Хүндэтгэлийн арга хэмжээ”-г 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхийн танхимд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Увс аймгийн Прокурорын газар, Увс аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт олон, шүүгч Д.Жамбалсүрэнгийн гэр бүл, үр хүүхэд оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээг Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн, Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Б.Доржсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, Д.Жамбалсүрэн шүүгчийн намтар, гавьяа шагналыг танилцуулан, өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, шүүгчийн хавтсыг нь дурсгал болгон хадгалуулав.
Шүүгч Д.Жамбалсүрэн нь 1990 оноос Увс аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөгч, өмгөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн ба Монгол улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар зарлигаар Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр,
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар зарлигаар Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон, шүүгчээр нийт 28 жил ажиллаж, үүнээс анхан шатны шүүхийн шүүгчээр 11 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр 17 жил ажиллажээ.
Шүүгч Д.Жамбалсүрэн нь шүүгчээр ажиллах хугацаандаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “ Хүндэт тэмдэг”, “Ардын хувьсгал 90 жил ” ойн медаль, “Шүүхийн тэргүүний ажилтан”, Монголын Хуульчдын Холбооны “Хүндэт тэмдэг ”, Монгол Улсын Дээд Шүүхийн “Хүндэт тэмдэг”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан байна.
Шүүгч Д.Жамбалсүрэн нь залуу хуульчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад шүүн таслах ажлынхаа туршлагаас хуваалцаж, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан болон шүүгч, ажилтнууд, прокурор, өмгөөллийн байгууллагын төлөөллүүд шүүгчтэй хамтран ажиллаж байсан үеийн дурсамж, сэтгэгдлээ хуваалцан, шүүгчид дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Ахмад шүүгч Д.Жамбалсүрэн таньд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.