Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох зорилго бүхий “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн Клиникч оюутнууд хамрагдлаа.
Өдөрлөгийн үеэр “Шүүх эрх мэдлийн талаар” Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон, шүүгчийн туслахын ажил”-ын талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын 1-р хэлтсийн дарга Г.Нямбаяр нар мэдээлэл өгч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нар оюутнуудын сонирхсон асуултад хариулж, мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэн “нээлттэй шүүх” өдөрлөгт оролцох боломжтой гэдгийг онцоллоо.
“Нээлттэй шүүх” өдөрлөгт хамрагдсан оюутнууд шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны явц, шүүхээс авч болох үйлчилгээний талаар зохих мэдээлэл авсандаа талархалтай байгаа илэрхийлээд зогсохгүй сургуулиа төгсөөд шүүхийн байгууллагад ажиллах хүсэлтэй талаараа илэрхийллээ.
Тодорхой цагийг шүүхийн үйл ажиллагаатай танилцахад зориулсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууддаа сурлагын амжилт хүсье.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ