Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Тус төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах ажлыг тусгасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн нийгмийн ухааны мэдлэгийн хичээлийг сонгон суралцаж байгаа сурагчдыг урьж шүүхийн байр, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцууллаа.
Сурагчдад шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг, шүүгчийн туслах С.Наранбаатар нар шүүхийн үйл ажиллагаа, бүтэц, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны танхим болон шүүхийн байрыг танилцуулж, төгсгөлд нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд сурагчдыг хүлээн авч уулзан хуульч мэргэжил болон шүүх байгууллага, шүүгчийн ажлын онцлогийн талаар ярилцаж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.