Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ажлын төлөвлөгөөнд заасны дагуу хууль сурталчлах, түүний хэрэгжилтийн талаар хамтран ажиллах, санал солилцох зорилгоор тус шүүхээс Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам, тус хэлтсийн Хяналт, шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.Майнбаяр, Үйлчилгээний тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхдэлгэр, Тэтгэвэр тогтоолтын байцаагч Н. Амгаланжаргал зэрэг холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар буюу иргэний ажиллаж байсан байдал тогтоох, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох зэрэг хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах хууль хэрэглээний нэгдсэн ойлголтод хүрэх талаар харилцан ярилцаж цаашид анхаарч ажиллах асуудлаар мэдээлэл солилцлоо.