Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс нүүдэллэн ажиллах хуваарийн дагуу 2023 оны тавдугаар сарын 9-ний өдөр Есөнзүйл, Бүрд сумдад ажиллалаа.

 

         Иргэдээс ажилласан жилийн хугацаа тогтоолгох, хамтын амьдралтай байснаа тогтоолгох, малын А дансанд овог, нэр зөрүүтэй бичсэнийг залруулах 4 иргэний хэрэгт ажиллагаа хийж, гэрч асууж, хэргийг тус тус хянан шийдвэрлэлээ. Мөн 3 иргэнээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэл, хүсэлт болон гомдол хүлээн авч, 9 иргэнд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдээлэл өгч ажиллалаа.

 

       Төрийн албан хаагчдад шүүхийн гадагш чиглэсэн 6 төрлийн системийг хэрхэн ашиглах болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 280 гаруй сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар