Бор-Өндөр цогцолбор сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдад цахим орчин дахь болон сургуулийн орчин дахь хүчирхийлэл дарамтаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад шаардлагатай зөвлөмжүүдийг хүргэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь”, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ “Зөрчлийн тухай хуулиас” сэдвүүдээр илтгэл тавьж, сурагчдын санаа бодлыг сонсон сургуулийн орчинд бодитой гарч буй дарамт шахалт, хүчирхийллийн талаар санал солилцлоо.
Тус сургалтад улсын тэргүүний “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчид хамрагдлаа.
Мөн сургалтын үеэр тус шүүхийн Залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалах нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг дүгнэж тэргүүлсэн сурагчдыг тус шүүхийн Тамгын газраас шагнаж урамшуулан дурсгалын зүйл гардуулж сурлагын өндөр амжилт хүсэв.
Эссэ бичлэгийн уралдааныг “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн сурагч О.Хулан “Тэргүүн байр”, МСҮТ-ийн цахилгаанчний 1г ангийн сурагч М.Ням-Эрдэнэ “Дэд байр”, “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 11а сурагч Д.Болоршагай “Гутгаар” байр, 11а сурагч М.Одмаа, МСҮТ-ийн УУМТТМ 1б ангийн сурагч Х.Тэмүүлэнтөгс нар “Тусгай” байрыг тус эзэлжээ.