Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ оны ээлжит 19 дүгээр хуралдаан өчигдөр /2023.04.20/ болж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг түгээсэн иргэнийг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахаар шийдвэрлэв.
Мөн иргэний хэргийн шүүхийн шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны ажиллагааг прокурор бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр боллоо.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад хамтын ажиллагааны талаарх танилцуулгыг сонссон юм. Ерөнхий зөвлөл нь Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомж, Засгийн газраас баталсан журмын дагуу гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар байгуулсан гэрээ, хамтын ажиллагаатай холбоотой мэдээллийн санг албан ёсоор бий болгохыг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт даалгав.
Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс ирүүлсэн сэлгэн ажиллах тухай хүсэлтийг дэмжсэнгүй.
Хэвлэл мэдээллийн хэлтэс