Шүүхийн цахимжуулалтын талаар хоёр дахь долоо хоногтоо хэлэлцэж байна. Энэ удаа “Хэргийн хөдөлгөөний системийг нэгтгэх, боловсронгуй болгох”, “Шүүхэд цахимжуулалтыг нэвтрүүлэхэд энтерпрайз архитектур(enterprise architecture) хийхэд зөвлөлдөх” зэрэг сэдвийн талаар Европын холбооны экспертүүдтэй туршлага солилцох хэлэлцүүлэг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна.
Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав чиглүүлж, шүүхийн цахимжуулалтын ажлын хэсэг, шүүхийн инновац цахимжуулалтын хорооны гишүүд хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.
Австри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Гернот Пош Австри Улсын шүүхийн цахимжуулалт, хэрэглэж байгаа цахим системийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулав.
Тус улсад 1980-аад оноос дижитал системийг шүүхэд ашиглаж, анх бүртгэлийн системүүдийг нэвтрүүлсэн байна. Австрийн Хууль зүйн яамнаас 2015-2025 оны хооронд цахим системийг шинэчилж, хэрэглэхэд илүү хялбар болгох зорилго тавьж, илүү боловсронгуй болгон шинэчилж байгаа талаар тэр дурдаж байлаа. Цахим систем нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, иргэд олон нийт, шүүхэд хандаж буй оролцогч талуудад орон зайнаас хамааралгүйгээр шүүх хуралдааны явцын бүх мэдээллийг харах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд зайнаас оролцох гээд бүхий л боломжийг олгодог байна.
Итали Улсын шүүгч асан, Писа дахь Шүүхийн Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл(CEPEJ)-ийн кибер шүүх ажлын хэсгийн Ерөнхийлөгч Мария Жиулиана Сивинини “Италийн шүүхийн цахим системийн давуу тал нь бүх цахим бүртгэл нь метадататай. Жишээлбэл, нэхэмжлэлийг системд оруулахад хэргийн талуудтай холбоотой мэдээллүүд нэр хаяг, өмгөөлөгч, хамтран нэхэмжлэгч байна уу, хэргийн төрөл нь юу юм гэхчлэн бүх метадатаг нь системд оруулсан байдаг. Тухайн баримт бичгийг боловсруулсан байгууллага, гаргасан эрх бүхий хүмүүсийн мэдээллийг системээс автоматаар бөглөөд өгчихдөг. Шинэ хэрэг нээхэд нэхэмжлэлээс хүмүүсийн мэдээлэл шууд орсон байдаг төдийгүй, нууцлах ёстой мэдээллийг метадатагаас нууцалдаг. Цахим систем бол шүүгч нарын ажлыг маш ихээр хөнгөвчилдөг” гэлээ.
Түүнчлэн Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури Эстони Улсын шүүхэд ашиглаж байгаа цахим системийн танилцуулсан юм. Тэрбээр “Эстонид бүх шатны шүүх нэг л систем ашигладаг. Анхан шатны шүүх дээр үүсгэсэн хэргийн файл дээр давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд ажиллана гэсэн үг. Нийт цахим системд шинэчлэлт, сайжруулалтыг тогтмол хийдэг. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн техникийн шинэчлэлтийг хийсэн. Бүх хэргүүд дээр тусгай давтагдашгүй дугаар оноосон байдаг. Жишээлбэл 1 ээр эхэлж байгаа нь эрүүгийн, 2 нь иргэний, 3 нь захиргааны 4 нь зөрчлийн, 5 нь үндсэн хуультай холбоотой маргаан гэх мэт хэргийн төрлийг харуулах жишээтэй. Дараа нь тухайн он, хэргийн дугаарлалт харагддаг. Энэ дугаар гэхэд хэргийн талаар маш их зүйлийг хэлж өгдөг. Оролцогчид энгийн хүн ч гэсэн харахад хэргийн дугаараас ямар төрлийн хэрэг гэдгийг харахад хялбар байдаг” гэлээ.
Европын экспертүүдтэй туршлага солилцох хэлэлцүүлэг мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангаж, цахимжуулалтын нэвтрүүлэх, шүүхийн захиргааны ажилтнуудын цахим гарын үсгийн хэрэглээ, албан хэрэг хөтлөлийн системийг нэвтрүүлсэн байдал, тулгамдсан асуудал зэрэг сэдвээр үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс