Хууль эрх зүйн өөрчлөлт, шүүхийн цахим шинэчлэлийн бодлогын хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Цахим шүүх 2.0 цөм системийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Цахим Шүүх 2.0 системийн туршилтыг амжилттай хийж, Монгол Улсад анх удаа бүрэн цахим “ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ”-ийг үүсгэв.

 

 

         Туршилтын хүрээнд 21,557,344 төгрөгийн нэхэмжлэлтэй, 36 хуудастай, зээлийн гэрээний маргаанд зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн хэргийг, системд анх бүртгэхээс эхлээд, эцсийн шийдвэр болон бүх нотлох баримтыг иж бүрэн цахимжуулсан нь шүүхийн цахим шинэчлэлийн түүхэн алхам боллоо.

Энэхүү ажлыг бусад шүүхүүдийн систем дэр үе шаттайгаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Туршилтын явцад илэрсэн техникийн доголдлуудыг гүйцэтгэгч компанийн инженерүүд шуурхай засварласан бөгөөд шүүхээс гаргасан санал, сайжруулах чиглэлүүдийг үндэслэн системийн дараагийн шатны сайжруулалт эхлээд байна.

Шүүхийн Цахим шинэчлэл бол зөвхөн байгууллагын, технологийн асуудал гэхээсээ илүү Төрийн бодлогын нэгдсэн дэмжлэг, төсөв санхүүгийн тодорхой шийдэл, байгууллага хоорондын уялдаа, мэргэжлийн оролцогчдын итгэлтэй, тууштай дэмжлэг дээр л бүрэн бодитой хэрэгжих ажил юм.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ