Нэр бүхий шүүгчээс “иргэн Н.Э гэгч нь шүүх хуралдааны үеэр тухайн хэрэгт болон хуралдаан даргалагч шүүгчид хамааралгүй Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг баримт болгон гарган өгч, сүрдүүлэг бүхий шинжтэй зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон” гэх үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны тавдугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэсэн.

 

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. 

 

     Иргэн Н.Э-ийн дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан юм.

 

       Иргэн Н.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

                                                  

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АЛБА