Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн төв байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2025.08.12) Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, шүүхийн Тамгын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам, салбарын төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, нээлттэй нийгэм форум, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцов.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төслийг тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг үндэслэн шүүхийн хараат бус байдлыг хангаж, хариуцлагатай, иргэн төвтэй, шүүх тогтолцоог бүрдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, шүүхийн цахимжилтийн системийг чадавхижуулж хөгжүүлэх чиглэлийг баримтлан нийт 88 шүүх, 40 тамгын газрын 2026 оны төсөв болох 579,2 тэрбум төгрөг, урсгал зардал 372,02 тэрбум, хөрөнгийн зардал 207,1 тэрбум төгрөг төсөвлөж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо төсвийг хэлэлцэж хянаад, Улсын нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр Засгийн газарт хүргүүлсэн байна.

 

 

 

Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөгчид шүүх хараат бус засаглалын тогтолцоогоо бэхжүүлэх, өөрийн гэсэн байргүй шүүхийн асуудлуудыг шийдвэрлэх, шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч нарт хэргийн материалтайгаа танилцах зай талбай байхгүй, заал, танхим хүрэлцээгүй байдаг асуудлыг шийдэх, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байрны нөхцөл, ажлын хэт ачаалалтай байдал, нийгмийн баталгааны асуудалд онцгой анхаарах шаардлагатайг онцлов. 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим санал асуулгад нийт 64 санал ирснээс Дундговь, Өвөрхангай, Завхан аймгийн шүүхийн байрыг шинэчлэх, мөн орон нутгийн шүүхийн Тамгын газрын байруудад их засвар хийх, барилгын ажлын төсвийг дэмжүүлэх, ажиллах орчны зай талбайг нэмэгдүүлэх, туулах чадвар сайтай автомашин шаардлагатай зэрэг асуудлаар 50 санал, шүүхийн захиргааны ажилтны сургалтын давтамжийг нэмэгдүүлж өргөжүүлэх, ажилчдын нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 13 санал ирсэн байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ