Шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын “Фулбрайт мэргэжилтний хөтөлбөр”-ийн “FULBRIGHT PROGRAM 2025 Кибер аюулгүй байдлын сургалт” болж өндөрлөлөө. Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Кибер аюулгүй байдлын сургалт”-ыг шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сүлжээний хяналт, аюулгүй байдлын хамгаалалтын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын дор 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулав.
Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаач, доктор Divine Sufor Anyе сүлжээний аюулгүй байдлыг хянах, халдлагыг илрүүлэх, сүлжээнд эмзэг байдлын шинжилгээ хийх, хортой программыг шинжилж тогтоох” чиглэлээр сургалтыг лабораторийн орчинд практик дадлагад суурилан явууллаа. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд сургалтаар сүлжээний аюулгүй, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр практик дадлагуудыг эзэмшиж, шинэ программуудыг туршиж, мэдлэгээ тэлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг болон зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдаж, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвараа ахиулсан мэргэжилтнүүдэд батламж гардуулж, баяр хүргэлээ. Мөн “Кибер аюулгүй байдлын сургалт”-ыг хийж, мэдлэг туршлагаа хуваалцсан багш, доктор Divine Sufor Anyе болон сургалтын зөвлөхөөр ажилласан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Даваадоржид талархал илэрхийлэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ