“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал “Шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжуулалтад тулгарч буй сорилт ба боломжууд” хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа бөгөөд Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин чиглүүлэгчээр ажиллаж байна.
Итали улсын Писа дахь Шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн “Кибер шүүх” ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүхийн инноваци, цахимжуулалтын хорооны ахлагч Г.Даваадорж, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош, Монгол Улсын Ерөнхий Прокурорын туслах Прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга О.Мөнхбаатар, ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан нар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж байгаа юм.
Мария Жулиана Сивинини хэлэхдээ;
"Улаанбаатар хотод хэд хоног ажиллаж байхдаа нэлээд мэдээлэл цуглуулж авлаа. Шүүхүүдтэй танилцсан. Нэмэлт мэдээллийг оролцогч талуудаасаа авсан. Монголын шүүхийн цахимжуулалтын бүрэн зураг гаргаж болохуйц мэдээлэлтэй болсон. Цахимжуулалтыг хийх эрмэлзлэл монголчуудад өндөр байна. Засгийн газрын зүгээс цахимжуулах стратеги гаргасан нь та бүхэнд давуу тал болох нь. Цахим бүртгэл талдаа эхний алхмуудаа хийсэн байна. Дараагийн алхам бол цаасан суурьтай болон цахим суурьтай ажиллагааг зэрэг хийгээд байгаа нь шүүхийн захиргааны ажилтнуудын цагийг үрж байгаа. Тиймээс ингэж давхардуулж, тодорхойгүй байдал үүсгэхгүйгээр цахим болон цаасан суурьтай баримтын талаарх дүрэм журмаа маш тодорхой болгож, цахим суурьтай баримт бичиг хэвлэмэл баримт бичигтэй ижил тооцогддог болгох хэрэгтэй. Цахим хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулья гэж байгаа бол цахимд хадгалагдсан баримт бичгээ эх хувь гэж тооцох журамтай болох шаардлагатай. Манай Итали улсад бол шүүхийн шийдвэрийг электрон хувилбараар аваад тэрийгээ эх хувь гэж талууд тооцоод явдаг. Та бүгдийн хийсэн ажил бол харьцангуй ахисан түвшинд очсон боловч нарийвчилсан үзүүлэлтээр статистик гаргадаг нь дутагдалтай байна. Хэрэг шийдвэрлэлтийн хугацааг нарийвчлан гаргавал үйл ажиллагаагаа үр ашигтай болгоно гэж бодож байна” гэлээ.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж хэлэхдээ;
Цагдаагийн байгууллагын цахимжилтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллага 2010 оноос цахимжуулах үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Эхлээд өөрсдийн албан хаагчдын ажлын ачааллыг багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс бүртгэл, мэдээллийн дата мэдээлэл цуглуулсан. Хоёрдугаарт энэхүү дата мэдээллээ бусад хуулийн байгууллагатай харилцан солилцох алхмаа хийсэн. Гэтэл зарим байгууллагад цахимжилт эхлээгүй байсан нь удаашрахад нөлөөлсөн. Цагдаагийн байгууллага бол цахимжилтад бэлэн, 100 хувь сүлжээнд хамрагдсан. Нийтдээ 60 гаруй программ хангамж, 24 мэдээллийн сан байна. Дата баазаа бид хангалттай цуглуулсан. Манай дата санд 4 сая орчим мэдээлэл хадгалагдаж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхий Прокурорын туслах Прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга О.Мөнхбаатар;
“Прокурорын байгууллагын цахимжуулалт 2008 оноос эхэлсэн. Хэргийн бүртгэлийг цаасан суурьтай баримтаас салгах бодлого явуулаад туршиж байгаад 2013 оноос улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлсэн. Одоо бид маш олон статистик үзүүлэлтийг гаргаж, хайлтын системийг боловсронгуй болгож байна. Манай мэдээлэл технологийнхон бол прокурор дангаараа цахимжихгүй хуулийн салбарынхантайгаа хамт л цахимжих ёстой юм байна гэж үзэж байгаа. Ингэвэл маш хурдацтай хөгжих арга юм. Цахим хавтаст хэрэг бий болгох хэрэгцээ шаардлага одоо бол тулгарч байна. Нотлох баримтыг шинжлэн судлах асуудал дээр гэхэд яллагч, өмгөөлөгч хоёр хавтаст хэрэг хүлээж аваад өмнөө тавьж байгаад тухайн баримт хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг зөвхөн өөрөө уншаад байгаа. Энэ бол хуульчийн ёс зүй дээр тулгуурлаж явж ирсэн. Хэрэв цахим хавтаст хэрэг гэж байсан бол шүүхэд оролцогчид бүгд хараад шинжлэн судлах боломж бий болно. Цаасан суурьтай баримтын дутагдалтай тал гэвэл дэс дараалалгүй үдэгддэг. Хайж олж уншихад төвөгтэй байдал үүсгэдэг. Хэрэв цахим болох юм бол тухайн баримт бичгийг шууд төрөлжүүлээд унших боломжтой болно” гэлээ.
Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош;
...Цахимжуулалтыг хуулийн байгууллагууд нэгдсэн байдлаар тал талаас нь ярьж байгаад баяртай байна. Монгол Улсад маш шаргуу өөрийн гэсэн стратегитай, түүнийхээ төлөө явж байгаа хүмүүс байна. Өчигдөр шүүх дээр очиж үзсэн. Нэг талдаа та бүхэн стратеги төлөвлөгөөгөө гаргаад зорилтоо тодорхойлсон байна. Нөгөө талдаа яг шүүх дээр хэдэн сар, жилийн дараа биелэлээ олж байна. Шүүх бүтэн цахимжуулах ёстойгоо ухамсарлаж байгаа ч цаасан суурьтайгаас бүрэн салж чадахгүй байна. Хайбрид буюу хосолмол систем шилжилтийн үед зайлшгүй хэрэгтэй. Эстони улс бол хэдийгээр бүрэн цахимжсан ч эрүүгийн хэрэг дээр цахимжилтыг бүрэн ашиглахгүй байгаа. Бид нарын хувьд илүү хялбар журмаар шийдвэрлэх боломжтой байгууллагууд дээрээ цахимжуулалтаа хэрэглээрэй гэж хэлмээр байна. Австри улсын хувьд цахимжуулалтыг нэг өдрийн дотор хийчихэж чадахгүй юм гэдгээ ухамсарласан. Гэхдээ манай улмын хувьд бүрэн цахимжсан. Анхан шатны шүүх дээр бүх зүйлийг цахимжуулаад бүх файлаа цахим хэлбэрт оруулахад хаана ямар хүндрэл гарч болох вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. Бид байгууллагуудаас баримт бичгийг эх хувиар нь аваад дараа нь скайнердаж байгаа. Олон хуудсыг скайнердахад бас хүндрэл гардаг. Цахим уу цаасан суурьтай юу гэдгийг хэн шийддэг вэ гэж байна. Шилжилтийн явцад хоёр хувилбараа хадгалаад шүүх өөрөө сонголтоо хийхээр шийдсэн байгаа. Зарим нэг нэхэмжлэгч шүүхийн үйлчилгээ авч чадахгүй байх вий гэдгийг харгалзаж, шүүх шийднэ гэж байгаа. Монгол Улсын хувьд ч ийм байдлаар явж болох юм” гэсэн юм.
Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан;
“Шүүхийн цахимжуулалтад өмгөөлөгчдийн оролцоо маш чухал. Шүүхийн үйл ажиллагаа цахимжлаа гээд нөгөө талд өмгөөлөгчийн үйл ажиллагаа цахимжихгүй бол төдийлөн үр дүнд хүрэхгүй. Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг цахимжуулах ажил хийгдэж байна. Өмгөөлөгчдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлсэн ч өнөөдөр хангалттай хэмжээнд хэрэгжихгүй байна. Өмгөөлөгчид маань ажил и мэйлээр шүүхүүд рүү бичиг явуулах төдийхнөөр хязгаарлагдаад байгаа. Тиймээс бид цахим баазтай болж, иргэд болоод шүүхтэй харьцдаг байх нь өмгөөлөгчдийн хувьд одоо санаа төдий л байгаа” гэв.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт 170 орчим төлөөлөгч оролцож байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс