Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн газраас хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах нь" сэдэвт сургалтаар тус аймгийн шүүхийн шүүгч хичээл заалаа.
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрүүгийн болон зөрчлийн хэргийн шийдвэрлэгдсэн байдал, дүн шинжилгээ: Хамтарсан багийн чиг үүрэг” сэдвээр хичээл зааж, хамтарсан багийн гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Уг сургалтад Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, багуудын нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч зэрэг 60 гаруй хамтарсан багийн гишүүд хамрагдсан. Мөн шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрхийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл тус тусын чиглэлээр хичээл зааж, сургалтад оролцогчдод зохион байгуулагч байгууллагаас гэрчилгээ гардуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн халамжийн, хүүхэд хамгааллын, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг ажиллахаар хуульчилсан. Түүнчлэн хамтарсан багт өрхийн эмч, баг хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэжилтнүүд ажиллах бөгөөд багийн Засаг дарга нар ахлан ажиллана.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР