Иргэн Э.Шажинжав: Шүүх 3 шаардлага бүхий хүсэлтийг үнэн зөвөөр тогтоож өглөө
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэн Э.Шажинжав нь 1962 онд төрсөн бөгөөд энэ оны 6 сард 60 насанд хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор сумын нийгмийн даатгалын байцаагчид материалаа бүрдүүлэн өгсөн байна. Гэтэл цэргийн батлах дээр нь Л.Шажинжав гэж бичигдсэн учраас түүний цэргийн алба хаасан хугацааг тооцох боломжгүй, ажиллаж байсан үеийн тушаал байхгүй тул ажилласан хугацааг тооцох боломжгүй гээд материалыг нь буцаажээ.
Ингээд Э.Шажинжав нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасныг тус шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл цэргийн батлахыг нь үндэслээд түүнд цэргийн алба хаасан хугацааны нэмэгдэл хугацааг тооцох боломжгүй, улсад ажилласан хугацаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацааг хангахгүй байна гэж нийгмийн даатгалын байгууллагаас мэдэгджээ.
Э.Шажинжав дахин шүүхэд “цэргийн алба хаасан байдал” тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргасан бөгөөд, шүүх хүсэлтийг нь ханган шийдвэрлэж тэрээр цэргийн алба хаасан хугацаагаа тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болжээ. Э.Шажинжав нь 3 шаардлага бүхий хүсэлтийг шүүх үнэн зөвөөр тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо хэмээн шүүхийн үйлчилгээнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, шүүхийн үйл ажиллагаа цаашид саад тотгор үгүй, олон хүний эрх ашгийг хамгаалж байхыг хүсэн ерөөсөн юм.
Хөвсгөл аймгийн шүүхийн Шүүгчийн туслах Б.Адъяасүрэн