БНМАУ-ын Анхдугаар Их хурлаас 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү анхдугаар Үндсэн хуулийг баталснаар ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орж, Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон билээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр)-ийг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори I сургуулийн төгсөх ангийн сурагчдад "Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсыг тунхагласан нь, Шинэ, ардчилсан Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол” сэдэвт лекцийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга уншиж, сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээ Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуульдаа хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, иргэдэд шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлийн ажлыг хийгээд байгаа билээ.
Тухайлбал, хуульч мэргэжлийн онцлог, тэдгээрийн хоорондын ялгаа, шүүхийн үйл ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуулах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий сэдвээр лекц унших, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, нээлттэй шүүх хуралдаанд суулгах, шүүгч, шүүгчийн захиргааны ажлын онцлогийг таниулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж эхлээд байна.
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо