Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ Эхлэл” сургуулийн ахлах ангийн сурагчид 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хуульч, эрх зүйч мэргэжлийн талаар танилцуулж, шүүхийн үйл ажиллагаа болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлогийн талаар мэдээлэл өгөх, мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” аяллын хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сурагчдад ажлаа танилцуулж, ярилцлаа. Тодруулбал, Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал хөтөч хийн шүүхийн мэдээлэл лавлагаа, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүгч, шүүхийн ажилтнуудын ажлын байр, шүүх хуралдааны танхимтай танилцуулж, шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн эрх зүйч хуульч мэргэжлийн талаар болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн онцлог, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар сурагчдын асуултад хариулж, ярилцав.
Энэ удаагийн “Мэргэжил бүхэн сайхан” аялалд эрх зүйч, хуульч болохоор төлөвлөж байгаа сурагчид оролцсон бөгөөд сонголтдоо итгэлтэй болсноо илэрхийлж байв.