Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Алтаннавч нь өндөр насны тэтгэвэртээ гарах болсонтой холбогдуулан тус шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралдаанд Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч болон захиргааны ажилтнууд оролцов. Хуралдааны үеэр шүүгч Я.Алтаннавч нь шүүн таслах ажиллагааны туршлагаасаа хуваалцаж, хүндэтгэлийн зөвлөгөөнд оролцсон шүүгч, ажилтнуудад шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсэж байлаа.

 

 

        Шүүгч Алтаннавч нь 1983-1985 онд Сүхбаатар аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газар бичээч, 1990-1993 онд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст кодификаторч, 1993-1996 онд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхэд шүүгч, 1996 оноос 2013 оны 12 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд төрийн байгууллагад нийт 35 жил, шүүгчээр 30 дахь жилдээ ажилласан ахмад туршлагатай шүүгч юм.

 

 

      Түүнчлэн 2003 онд Сүхбаатар аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, 2006 онд “Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль”, 2012 онд “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, 2021 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, тус тус шагнагдаж, мөн 2020, 2021 онуудад давж заалдах шатны шүүхийн ажлын үзүүлэлтээр тэргүүн байранд шалгарч байжээ.

 

Хэнтий аймгийн шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс тандаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газар