Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчдад хуульч мэргэжлийн онцлог болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ ТА БИДНИЙ ҮҮРЭГ” сэдэвт хуульчийн про боно өдөрлөгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар, тус аймгийн Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл зэрэг байгууллагууд хамтран ийнхүү нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм.

 

 

Уг сургалт, хэлэлцүүлэгт Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10-12 дугаар ангийн 83 сурагч оролцсон байна. Энэхүү арга хэмжээний цар хүрээг илүү өргөжүүлэхээр энэ сарыг дуустал Өлгий сумын бүх ЕБС-уудад, 9 дүгээр сарын 2 дах долоо хоногоос эхлэн Баян-Өлгий аймгийн бүх сумын сургуулиудад Монгол, казах хэлээр зохион байгуулна.

 

Арга хэмжээний үеэр:

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг “Хүүхдийн эрх” сэдвээр,
  • Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч К.Жайдархан “Цагдаагийн мэргэжлийн онцлог”, “Хүүхдийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр,
  • Аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч А.Серикжан “Өмгөөлөгч мэргэжлийн онцлог”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх” сэдвээр,
  • Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина “Прокурор мэргэжлийн онцлог”, “Архи, тамхины хор нөлөө” сэдвээр,
  • Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Шүүгч мэргэжлийн онцлог”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР