Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хүсэлт гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү, Б.Мөнхтуяа, С.Оюунжаргал нар шүүгчийн туслахуудын хамт тус газрын мэргэжилтнүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн амьдрах, сурах, өсч торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэргийг харгалзан үздэг бөгөөд хүүхдийн эрх, ашиг зөрчигдөж буй эсэхийг эргэлзээгүй тогтоох зорилгоор Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийг уг маргаанд шинжээчээр оролцуулан нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулдаг.
Уулзалтаар нөхцөл байдлын үнэлгээ хийсэн 2020, 2021 онуудын тоон үзүүлэлтийг танилцуулж, үнэлгээг хийхэд тулгамдаж буй асуудал, шаардагдах зардал, дүгнэлт гаргах хугацааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах баг