Эрүүгийн хэргийн талаар:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны үлдэгдэл 8 хэрэгт нэмж 42 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 50 эрүүгийн хэргээс 4 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 34 хэргийг шийдвэрлэж, 12 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 12 хэргээр буюу 26,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2022 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 13, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 3, хулгайлах 3, залилах 2, мал хулгайлах 3, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 4, бусад 5 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
Ял шийтгүүлсэн 34 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 1, 18-21 насны 5 хүн, 22-29 насны 10 хүн, 30-34 насны 4 хүн, 35-аас дээш насны 14 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 44 хүний 8 хүнийг хорих ялаар, 15 хүнийг торгуулийн ялаар, 4 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 7 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 3 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 8,710,000 төгрөг байна.
Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 34 эрүүгийн хэргийн улмаас 49 эрэгтэй, 23 эмэгтэй хохирч, 3 хүн нас барсан бөгөөд 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 46,454,161 төгрөг байна.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 яллагдагчид тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 1 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 6 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн талаар:
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 116 хэргийг хүлээн авч, 112 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 8 зөрчлийн хэргээр буюу 7,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022-03-28