Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан 1 дүгээр ээлжийн сургалтыг тус шүүхийн Тамгын газраас зохион явууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хуульд зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах бүрэн эрхтэй билээ.
Жил бүр шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрс өөрчлөгдөн батлагддаг бөгөөд 25 нас хүрсэн иргэдээс цахим системийн аргаар, санамсаргүй байдлаар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгодог журамтай. 2022, 2023 онд нийт 377 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Шүүхийн Тамгын газраас сумдаас болон Өлгий сумын төвөөс сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн байранд зохион явуулж, тэдний эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдаанд оролцоход гаргах дүгнэлт, саналын талаар арга зүйн мэдээлэл өгчээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022-03-29