ЭМГЭНЭЛ
СЭРЭЭНЭНГИЙН ОЮУНЦЭЦЭГ
/1957-2021/
Ахмад шүүгч, Сэрээнэнгийн Оюунцэцэг нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1957 онд Завхан аймгийн Яруу суманд төрж, Оросын холбооны улсын Эрхүү хотын улсын Их сургуулийн хуулийн ангид элсэн суралцаж 1981 онд Эрх зүйч мэргэжил эзэмшиж төгсөөд 1981-1991 онд Эрдэнэт хотын шүүхийн арбитрч, хотын шүүхийн гишүүн, шүүгч, 1991-1993 онд Завхан аймгийн шүүхийн шүүгч, 1994-2012 онд Орхон аймгийн шүүхийн шүүгчээр тус тус томилогдон шүүгчээр 30 жил ажиллаж байгаад 2012 онд гавъяаныхаа амралтад гарсан юм.
Шүүгч С.Оюунцэцэг нь шүүхэд ажиллаж байх хугацаанд Тайвань, Оросын холбооны улсын Эрхүү, Улаан-Үд хотуудад мэргэжил дээшлүүлж практик судалж, шүүн таслах ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж Орхон аймагт анх шүүхийн байгууллага байгуулагдсанаас эхлэн шүүхийн шинэчлэлд тасралтгүй хувь нэмрээ оруулж явсан шударга, хичээнгүй, залуу хойч үедээ үлгэр дууриалалтай, хүндлэлтэй ахмад шүүгч байлаа.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1993, 1998 онуудад "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр, 2000 онд Эрдэнэтийн хууль зүйн салбараас "Эрдэнэтийн түүхэнд хүндлэгдэх алдартан"-аар, 2002 онд Монгол Улсын шилдэг шүүгчийн дэд байр, Эрдэнэтийн шүүхийн 30 жилийн ойгоор "Алтан гадас" одон, 2019 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор тус тус шагнажээ.
Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу, бусдыг халамжлах, сургах, хойч үеэ бэлтгэх үйлсэд оруулсан зүтгэл, хүнлэг, энэрэнгүй сайхан зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
ОРХОН АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН